Sunday, March 20, 2016

Япон-Филиппин

Зүүн Ази болон Хятадын өмнөд тэнгисийн аюулгүй байдлын хүрээнд Япон-Филиппин хоёр шинэ гэрээ хийлээ. Энэхүү гэрээ нь бүс нутгийн тэнгисийн аюулгүй байдалтай нягт уялдаатай бөгөөд, хоёр улсын хувьд хоёулаа БНХАУ-тай арлын маргаантай байгаагаас үүдэлтэй юм. Хоёр талын зэвсэгт хүчний салбар болон аюулгүй байдлын хэлттэсүүд гэрээг нууцын зэрэглэлтэйд үзэж байгаа юм. Зүүн Ази, Номхон далайд Хятад-Япон хоёр Сенкаку/Диао Юү арлын маргаантай байгаа бол Филиппин-Хятад хоёр Спратли арлууд (есөн жижиг арлаас бүрдсэн) болон арлын дээрх, доорх, тэнгис дахь баялгийг эзэмших гэж олон улсын арбитр дээр шүүхдэж байгаа билээ. 

Хятад-Япон-Филиппинээс гадна АНУ-ын Ази дахь зэвсэгт хүчний, аюулгүй байдлын бодлого ихээр нөлөөлж байгаа. АНУ-Японы аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээний зорилго нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлтэй бол АНУ-Филиппин хоёр ч мөн адил юм. Тэгэхээр, БНХАУ-тай бодлогоороо өрсөлдөх АНУ-ын бодлого Филиппин-Япон хоёрыг нэгтгэж Хятадын өмнөд тэнгист өөрийн болон холбоотны хүчийг бататгаж байгаа шинж юм. 

Зүүн Ази, Номхон далай, аюулгүй байдал | Л. Болор. 

Friday, March 11, 2016

Мэдээллийн Эрин

Бидний өдөр тутмын амьдрал хүссэн хүсээгүй мэдээллээр бөмбөгдүүлж байгаа билээ. Олон нийтийн мэдээлэл болон сошал ертөнцийн цар хүрээ өргөжихийн зэрэгцээ олон янз болж байна. Үүнтэй уялдуулан цаг хугацааг хэрхэн ашиглах гэдэг том асуудал гарч ирж байгаа юм. Хэдэн мянган хэвлэл мэдээлэл, фб, твиттер, линкедин, онлайн аппнаас чанарын ялгаа харагддаг бөгөөд чанарын ард төрийн, хувийн, тбб байгууллага, хувь хүн, төв байдаг гэдгийг хамгийн эхэнд анхаарах хэрэгтэй болов уу. Цаг хугацааг хэмнэхийн тулд зөв, баримттай мэдээллийг олох нь зүйтэй. Нуршсан, хов жив хөөсөн, судалгаа сурвалж муутай мэдээлэл таны цагийг үрхээс гадна, бодит байдлаас улам холдуулдаг.

Миний үзэж байгаагаар их ихэнх хүмүүс хүссэн зүйлээ уншдаг ч, уншсан зүйлээ хэн нэгний хов живээр ойлгодог. Энэ нь нэг талаас хэвлэл мэдээллийн олиггүй чанарыг тодотгох ч нөгөө талаас хувь хүний дүгнэлтийн асуудал гэж бодох юм. Дэлхий дахьний мэдээллийн эрх чөлөөний хүрээнд Хойд Солонгос, Хятад, ОХУ, Венесуэл, Куба болон зарим лалын шашний улсуудтай харьцуулбал, бидний интернэт, мэдээллийн сүлжээний эрх чөлөө хамаагүй өргөн. Чухам уншиж байгаа зүйлээсээ хов жив биш утга санаа, баримт, үр дүн хайвал чанартай мэдээлэл болж чадна. 


ЛБ.