Friday, June 10, 2016

Боловсрол ба Хөдөлмөр /Үеийн залууст болон дүү нарт/

Номын ухаан, хөдөлмөрийн ухаан гэж хоёр тусдаа зүйл юм. Хэрвээ та энэ хоёрыг нэгтгэж, аливаа үйлсийг сэтгэлээсээ хийвэл, таны хийх үйлс бүтэх болно. Заримдаа бусад хүмүүст хүнд харагддаг ажил ч маш хялбар байх болно. Энийг би хөдөлмөрлөж байж ойлгосон гэдгийг хамгийн эхэнд хэлмээр байна.
21-ээр зуунд амьдарч буй залуус хүссэн хүсээгүй олон янзын мэдээлэл, боловсрол авч байгаа. Нийгэмд ямар хүн илүү үнэлэгдэж, найз нөхөд, хамт олондоо элэг нэгтэй байх вэ гэдэг бол боловсрол, хөдөлмөр хоёрын дунд байгаа зайг өөрийн хөдөлмөрөөр нөхөх. Ийм янзын хүмүүс байна:
Гэрээсээ гарч үзээгүй номын ухаантан;
Гараа бохирдуулж үзээгүй номын ухаантан;
Ажил хийж үзээгүй сэхээтний хүүхдүүд;
Ажил хийж үзсэн сэхээтний хүүхдүүд; 
Боловсролтой мөртлөө тэрийгээ ажил болгож үзээгүй номын ухаантан;
Боловсролгүй мөртлөө ажил дээр олон жил ажилсан ухаантнууд байна. Энэ олон янзын хүмүүс өнөөдөр бидний амьдралд харилцаж байгаа хүмүүс. Миний анхаарлыг татсан хэсэг хүмүүс/залуус бол боловсролтой мөртлөө хөдөлмөрлөж үзээгүй. Хөдөлмөрлөж үзээгүй гэдэг нь хүний төлөө, бусдын төлөө гар оруулж юм хийж байгаагүй гэсэн үг. Энэ яагаад чухал юм бэ?

Боловсрол гэдэг бол хүний үзэл бодлыг тэлж, тархийг ажиллуулж байдаг түлхэц гэж хэлж болно. Харин хөдөлмөр гэдэг бол сэтгэл, арга зүй, гүйцэтгэх, бүтээх, хүнд тархи заяасны утга учир гэж боддог. Хөдөлмөр гэдэг үйл үгийг нийгмийн хүрээнд аваад үзвэл, хүн бүр хөдөлмөрлөж байж нийгэм хөгжинө. Нийгэм хөгжинө гэдэг бол улс орон хөгжинө. Гэтэл зарим, одоогийн залуус миний дээр хэлсэн шиг Гараа бохирдуулж үзээгүй номын ухаантан болчхож байгаа юм. Боловсрол-хөдөлмөр хоёрын дунд асар их зай харагдаж байна. Энэ зай нь чухам юу хэлээд байна вэ гэхээр, залуус боловсролтой болсон гэдэг нь ном уншиx, диплом авах, тэгээд албан тушаал эсвэл захирал, дарга болох гэсэн хүсэл мөрөөдөлд тэмүүлэгдэх хүслээр дүүрч байгаа юм. Хөдөлмөрлөж байх үед, номоос сурсан зүйлээ амьдрал дээр хэрэгжүүлэх, бодит болгох боломж гарч ирдэг. Хөдөлмөрлөж байхад өдөр бүхэн олон янзын хүмүүстэй танилцаж, ярилцаж, сайн-мууг ялгаж салгаж, талархаж, хайрлаж, бүтээж сурдаг. Энэ бол хөдөлмөр, хөдөлмөрийн ухаан. Өөрөөр хэлбэл, амьдралын ухаан.
Үндсэн агуулга нь: 21-ээр зуунд боловсрол чухал боловч, хөдөлмөр, бүтээл, сэтгэл, бусдын төлөө хийсэн үйлс, ажил хэрэг, нийгмийн төлөө зүтгэсэн хөдөлмөр илүү үнэлэгддэг юм шүү. Залуусыг цагаа зөв ашиглаж, аль болох хөдөлмөрч байж, өөрсдийн гараар, сэтгэлээрээ ажил үйлсээ хийж үз. Хүний төлөө, бусдын төлөө үнэ төлбөргүй сайн үйлс хийж үз. Тэгсний дараа боловсрол, хөдөлмөр хоёр тань танийг ирээдүйд бэлтгэж сайхан хүн болгоно.

Монголын минь ирээдүй болсон миний үе тэнгийн анд найз, дүү нарт зориулав.

Л. Болор



Monday, June 6, 2016

Хятадын өмнөд тэнгис


Хятадын өмнөд тэнгисийг Зүүн Азийн эдийн засгийн өргөн чөлөө гэж хэлж болно. Энэ тэнгисээр жилдээ $5.3 их наяд ам долларын худалдаа явагдаж, бүс нутгийн эдийн засгийн тэргүүлэх байрлал юм. БНХАУтай далайн боомтоор холбогдох, хил нэг улсуудын хувьд арал, арлын доорх баялаг, арал дээр бүтээн байгуулалт хийх боломжийг авахын тулд арлын эзэмшлийн тулаан болж байна. Хятадын өмнөд тэнгисийн аюулгүй байдал өдөр ирэх тусам эгзэгтэй болж байгаа. Улс орнуудын зэвсэгт хүчний зардал нэмэгдэж, арал дээр цэрэг байршуулах үйл ажиллагаа нь бодит баримт болж байгаа юм. Тухайлбал, 2013 оноос хойш арлын сөргөлдөөн дэгдэж, Хятад, Вьетнам, Малайз, Индонез, Филиппин, Бурма, Япон, Тайван тус тусын байр суурийг дипломат аргаар илэрхийлсэн. Үүнээс үүдээд Филиппин-Хятад хоёр ОУА-т шүүхдэж байгаа билээ. БНХАУ-ын ГХС болон бусад төлөөлөгчид өөрсдийн байр суурийг тууштай илэрхийлж, арлын асуудал дээр тохиролцох гэсэн ойлголт байхгүй гэсэн байр суурьтай байгаа. Бусад улсууд ч адил. Гэтэл, бодит байдлаас үзвэл:
1/ Холбогдох улс болгон хөдөлшгүй байр суурьтай
2/ Холбогдох улс болгон зэвсэгт хүчний задралыг нэмж байна
3/ Тэнгисийн аюулгүй байдалд хөлөг онгоцны мөргөлдөөн мэр сэр гарч байна
4/ АНУ-ын Ази, номхон далайг дахин-тэнцвэржүүлэх бодлого эрчимтэй хэрэгжиж байна г.м. олон бодит үйл явдлууд бүхэлдээ бүс нутгийн аюулгүй байдалд нөлөөлж байна. 

Хятадын өмнөд тэнгисийн арлын маргаанаас үүдээд бүс нутгийн нийт зэвсэгт хүчний зардал $435 их наяд ам доллар байсан бол 2020 гэхэд $533 их наяд болж өснө.  


АБГБ | Л. БОЛОР

Thursday, June 2, 2016

Mину


Юу бодож буйг ярихаас нааш мэдэшгүй
Ярьсан ч ойлгож дуусашгүй. 
Юу бүтээхийг хийхээс нааш үнэлшгүй
Хийсэн ч бүтээж дуусашгүй.
Юу хүсдэгийг биелүүлснээс нааш ханашгүй
Биелүүлсэн ч ханаж баршгүй.

Энэ бие мину.
Энэ бодол мину. 


Л. Болор