Saturday, November 21, 2015

Зүүдний Мөнгөн Шувуу Номын Хэсгээс / О. Дашбалбар


Цас бударсан энэ дэлхийгээс чи бид алгуурхан явна
Цантсан бургас, бүүдгэр сар, алжаангүй уулс үлдэнэ. 
Өвөг дээдсийн минь үед эрхлэнгүй гялалзсан шигээ
Өвлийн шөнийн одод, үр ачийн минь дээр гэрэлтэнэ.

Хөөрхөн жаал тооны дэвтрээ сэмхэн баллуурдах шиг
Хөлийн чинь мөрийг аальгүй салхи арчин арилгана.
Чамайг минь даган урд хойно чинь сэмхэн шогшиx
Чандган салхи хожим өөр хүүхний хормой дэрвүүлнэ.

Чи бид хоёр энэ дэлхийгээс явж, аясын салхи үлдэнэ
Чилийх олон зууныг туучин ач үрс маань ирцгээнэ
Болор оддын доор цасан будрахыг үзэхээр
Болзсон газар, энэхэн дэлхий дээрээ цугларна...

Хорвоогоо тэдэнд орхиод явахаас өмнө
Хором бүр нь үнэтэй эрдэнэсийн өдрүүд цувна.
Харьцангуй мөнх уулс, анд нөхөд шиг байна.
Хаана, хэнтэй үнсэлцсэнийг цагаахан хус мэднэ.

Гурван мянган жилийн дараа, энэ дэлхийд амьдрахаар ирэхэд
Гоо сайхан охин, чамтай минь адил цасан будрахад дурлана
Дэлхий минь их хувирч, юм бүхэн өөр болно гэвч
Дэгжин оxин, чамтай адил өвлийн оддыг хайрлан ширтэнэ.

О. Дашбалбар 1984 он.