Sunday, January 3, 2016

Эх Хэл

Ямарч улсын гадаад хэлэлцээр дээр хэл, үг, үсэг хамгийн чухал эд анги байдаг. Хэлэлцээрийн үед давхар агуулгатай, аюултай, ноцтой үг хэлийг хэлэлцээр хийж байгаа бүх тал маш сайн хянаж байдаг юм. Маш бодит жишээ хэлье: Израиль-Палестины эв найрамдал болон газар нутгийн хэлэлцээр дээр ганцхан үгнээс болоод Палестины тал хэлэлцээрийг няцаасан. Тэр нь ямар үг байсан вэ гэхээр, "газрууд" гэсэн байсан. Нэг газар биш, олон тоон дээр "газрууд." Палестины хувьд, тэр нь Израиль цаашид энэ газрыг биш харин газруудыг авах санаа агуулсан гэсэн ойлголт өгсөн. Дотоодын жишээнээс: Н. Энxбаярын Их Өрийн хэлэлцээрийг хийж байхад, бас нэг үг дээр зөрчилдөж байсан, тэр нь 95% "хүртэл," 95%-с доош гэсэн үг шүү дээ, хэд ч байж болно. Гэтэл, Монголын тал 95%- тулаад, түүнээс дээшээ гэсэн байр суурьтай байсан.

Яагаад энэ үг хэллэг дээр анхаарах болов гэхээр ер нь Монголд олон гадаад улсын гэрээ хэлэлцээр явагдаж, Хятад, Япон, Солонгос, Англи, Орос, Ираны Перс хэлээр хүртэл гадаад ажил хэрэг явагдаж байгаа үед бид өөрсдийн эх хэлээр бүх зүйлийг, маш тод байлгах нь эргээд бидэнд хамгийн чухал хүч болно гэдгийг тодруулах гэсэн юм. Хоёрт. 1990-с хойш Монголчууд гадагш их гарч, үр хүүхдүүд нь эх хэлээ мартах, зарим нь бүр мэдэхгүй байх тохиолдол ч олон байдаг. Хэл гэдэг бол ерөөсөө шууд улс орны уламжлал, тэр улсын түүх соёлыг маш том хэсэг, бараг газар нутаг, тусгаар тогтнолын дараа орох зүйл. Тэгэхээр, энэ эх хэлийг сайжруулах, ном, уран зохиол уншиx, үгийн баялгаа яг оновчтой хэлдэг болмоор байна. Үүнээс гадна, 2015 оны УИX-р баталсан Монгол хэлний тухай хуулийг маш дэмжсэн хүмүүсийн нэг би байна.

Сул үг бага хэрэглэж, товч бөгөөд тод, оновчтой ярьж, бичиж сурах гэдэг нь бас эрдмийн хамгийн том бэлэг шүү гэж хувьдаа боддог. Тэгээд сул үг их хэрэглэсэн, өөрийгөө тайлбарлаж чадахгүй хүнтэй ч юм ярих дээр, цагаа хараад суудаг.


"Хэлтэй бол хөлтэй" гэдэг эртний үг дээр нэмээд, "Хэлгүй газар нутаггүй" гэж хэлмээр санагдлаа.

Л. Болор