Saturday, May 21, 2016

Иргэд-Төрийн Итгэлзүй

Ямарч улсын иргэд тодорхой хэмжээнд өөрсдийн ухамсар, ойлголтод эх оронч сэтгэлгээтэй байдаг. Нийгмийн нийтлэг ойлголтод эх оронч гэдэг нь улс орноо хайрлах, харамлах сэтгэлзүй гэж хэлж болох байх. Тэгвэл, улс төр, бодлогын төвшинд эх оронч сэтгэлгээний орон зай байж байж улс орны хөгжил бий болдог. Нөгөө чухал хэсэг нь иргэд. Иргэд-төр хоёр харилцан ойлголцох итгэлцэл, мөрөөдөл нэгэн чигт байвал хөгжлийн суурь тулгуур болж чаджээ гэсэн үг. 

Иргэдийн хувьд, эх оронч сэтгэлгээг олон янзаар илэрхийлж байна. Илэрхийлж байгаа нь иргэний бүрэн эрх, хувь хүний эрх оронч сэтгэлгээний үндэс болно. Илэрхийлэх арга зүй нь өөр боловч бүгд нэгэн зүгрүү тэмүүлж байна. Тэд Монгол улсын бүрэн бүтэн байдлыг хадгалах, байгаль орчноо хамгаалах, түүх, соёлыг өвийг хөндөхгүй байлгах, тайван нийгэмд тайван, аж жаргалтай амьдрах гэсэн сэтгэлгээг тээж яваа хүмүүс. Үүний зэрэгцээ улс төрийн аппаратад төөрөлдсөн бодлого явж байгаа билээ. 

Улс төрийн бодлогын хүрээнд Монгол улсын бүрэн бүтэн байдлыг хадгалах, байгаль орчноо хамгаалах, түүх, соёлын өвийг хөндөхгүй байх, иргэдийн төлөө бүхнээ хийнэ гэсэн боловч иргэд-төр хоёрын дунд асар их хоосон зай байх шиг. Энэ хоосон зайд юу байсан вэ? Итгэл. Төрийн эрх баригчид итгэлийг ашиг сонирхлын зөрчлөөр сольсон гэж хэлбэл оновчтой болов уу. 

Одоо энэ хоосон зайг юугаар нөхөх вэ? Дараагийн төр засаг иргэдийн итгэлзүйд нөлөөлөх, Монгол улсын эрх ашгийг хамгаалах, ирээдүйг нь ирээдүйрүү нь зөв чиглүүлсэн шинэчлэлийг хийсэн цагт иргэд-төрийн итгэлцэл дахин бий болно. 

Төр нь иргэдийнхээ төлөө, иргэд нь төрийгөө хамгаалдаг, иргэд-төр хоёр нэгдэж улс орныхоо төлөө хамтран зүтгэдэг тогтолцоон төлөө...

Улс төр | Л. Болор