"Ардчилсан хувьсгал" гэж нэрлэх улс төрийн бодлого бидэн хоёр 1990-ээд оноос хойш цуг байж. Миний бага нас, аав ээжийн минь эдэлж буй эрх чөлөө, амьдралын төлөө зүтгэх хүч, боломж, хүсэл мөрөөдлийн хаалгыг онгойлгож өгсөн нь 1990 оны Ардчилсан хувьсгал байсан билээ. 1991 онд аав ээж 2-тойгоо Орос явж байсныг санаж байна. Би 2 настай байсан. Миний анхны эрх чөлөө байсан ч юм уу? Өнөөдөр би Ардчилалтай найзлаад 26 жил болж; хүний газарт хүний хэлээр "ус-цас" ярина, гэхдээ би Монгол хэвээрээ. Өдөр, шөнийн ялгаагүй энэ зүрх минь Монголын төлөө цохилдог.
26-н жилийн дараа эргээд харахад, миний аав ээж, ах эгчийн хүсэж байсан Ардчилсан хувьсгал өнөөдөр үгүй байх шиг? Амьдрал нь доройтсондоо тэр үү, нийгмийн ядуурал, төрийн алба хашсан хүмүүс дэндүү баян болоод тэр үү, эсвэл, Монгол улсын хөгжил тэдний санаанд хүрсэнгүйдээ тэр үү? эсвэл төрийн гурван өндөрлөг эрх мэдлээ булаацалдан, ард иргэдийг хуваасанд гомдсон хэрэг үү? Олон зүйлийг би өөрөөсөө асуух юм. Хариуцлага нь минийх биш ч, дүгнэлт нь надад байна. Миний эдэлж ирсэн эрх чөлөө, боломж, өнөөдөр намайг хүн болгосон цаг vеvvд үнэгүй ирээгүй гэдгийг би мэднэ. Намайг 1988 онд төрж байхад, бидний ирээдүйг бий болгосон Чингис Хаанаас эхэлснийг би мэднэ. Монгол улсын иргэн шүү гэж хил, хязгаар тогтоосон Цэдэнбалын түүхийг би мэднэ. Монгол улсын иргэн, Монгол улсын ирээдүй гэж тогтоосон эцэг эх, өвөг дээдсээ би мэднэ. Өнөөдөр 2016 он, дэлхий дахиний улс төр, хүмүүний мен чанар ихээр өөрчлөгдөж, заримдаа ч тэнгэр-газар, хүн-нохой мэт болох үед Монголын төлөө цохилох энэ сэтгэл хэвээрээ. Энэ мөн чанар биш юм бол өөр юуг мөн чанар гэх вэ? Би Монгол хэвээрээ гэдгийг би мэднэ.
Аав ээжийн минь хүссэн Ардчилал бий болсон гэж бодож байгаа, гэхдээ олон алдаа хийсэн гэдгийг мэдэж байна. Ах, эгчийн минь үес, шилжилтийн үе гээд зовох нь зовж, амжилтад шургах нь шургаж. Харин миний үе, бидний энэ амьдарч байгаа үе хурдацтай өөрчлөгдөж, бид чирэгдэж байна. Чирэгдэж, хоцрогдож байгааг харж суухад энэ бие минь тайван биш байна. Яагаад гэвэл, бид 1990 онд хийсэн алдааг давтах эрхгүй иргэд, алдаанаас суралцах иргэд. Суралцаж чадаагүй алдааг давтвал Монгол улсын мөхлийн түүхэнд бичигдэх иргэд. Эрх чөлөөгөөрөө бид өнөөдрийн 21-ээр зууны иргэд болсон бол бид Монгол улсын ирээдүйг бий болгох үүрэгтэй бус уу? Ардчиллын эрхийг ашиглан, буруу зөвийг шүүх эрхтэй бус уу? Манай энэ үе, бидний энэ үе, Монгол улсыг зөв чиглэлд нь залах үе бус уу? Ардчиллын хүчээр бий болсон юм бол, сонгон тогтолцоог бий болгох хүчтэй бус уу? Яагаад гэвэл, бидний энэ үе, Монгол улсын Ардчиллын шилжилтийн үеийн Оргилоос Мөхөл хүрэх зааг юм.
Бичсэн зүйлс минь түмэн олонд хүрвэл Монгол Төрийн сүлд сэргэнэ. Хүрч чадахгүй бол энэ бие хүчээ авна. Хэлсэн үг бүхэн эрч хүч болон хуримтлагдаж байгаа гэдгийг бат хэлж чадна. Өнөөдөр та нар хийж чадахгүй бол, маргааш би өөрийн биерээр хийх болно. Монгол улс минь хөгжиж, цэцэглэх цагт, 60, 70, 80, 90-ээд он байтугай 21-ээр зууны хүмүүс бидний бий болгосон тогтолцоогоор аз жаргал хийх болно.
Би бол 1990 оны Ардчиллын хүүхэд, гэхдээ би сонгон Ардчилсан тогтолцоог Монголдоо хэрэгжүүлэх болно. Америкийн Ардчилсан тогтолцоонд сөгдөхгүй, Хятадын Коммунист намд мөргөхгүй, зөвхөн Монгол улс, Монгол нийгэмд нийцсэн сонгон, шилмэг тогтолцоог бий болгоно. Эв нэгдэж, улс хегжине.
Монгол улсын иргэн, Л. Болор |