Wednesday, April 13, 2016

Миний мэдэх 1990 оны Ардчилсан хувьсгал

"Ардчилсан хувьсгал" гэж нэрлэх улс төрийн бодлого бидэн хоёр 1990-ээд оноос хойш цуг байж. Миний бага нас, аав ээжийн минь эдэлж буй эрх чөлөө, амьдралын төлөө зүтгэх хүч, боломж, хүсэл мөрөөдлийн хаалгыг онгойлгож өгсөн нь 1990 оны Ардчилсан хувьсгал байсан билээ. 1991 онд аав ээж 2-тойгоо Орос явж байсныг санаж байна. Би 2 настай байсан. Миний анхны эрх чөлөө байсан ч юм уу? Өнөөдөр би Ардчилалтай найзлаад 26 жил болж; хүний газарт хүний хэлээр "ус-цас" ярина, гэхдээ би Монгол хэвээрээ. Өдөр, шөнийн ялгаагүй энэ зүрх минь Монголын төлөө цохилдог.

26-н жилийн дараа эргээд харахад, миний аав ээж, ах эгчийн хүсэж байсан Ардчилсан хувьсгал өнөөдөр үгүй байх шиг? Амьдрал нь доройтсондоо тэр үү, нийгмийн ядуурал, төрийн алба хашсан хүмүүс дэндүү баян болоод тэр үү, эсвэл, Монгол улсын хөгжил тэдний санаанд хүрсэнгүйдээ тэр үү? эсвэл төрийн гурван өндөрлөг эрх мэдлээ булаацалдан, ард иргэдийг хуваасанд гомдсон хэрэг үү? Олон зүйлийг би  өөрөөсөө асуух юм. Хариуцлага нь минийх биш ч, дүгнэлт нь надад байна. Миний эдэлж ирсэн эрх чөлөө, боломж, өнөөдөр намайг хүн болгосон цаг vеvvд үнэгүй ирээгүй гэдгийг би мэднэ. Намайг 1988 онд төрж байхад, бидний ирээдүйг бий болгосон Чингис Хаанаас эхэлснийг би мэднэ. Монгол улсын иргэн шүү гэж хил, хязгаар тогтоосон Цэдэнбалын түүхийг би мэднэ. Монгол улсын иргэн, Монгол улсын ирээдүй гэж тогтоосон эцэг эх, өвөг дээдсээ би мэднэ. Өнөөдөр 2016 он, дэлхий дахиний улс төр, хүмүүний мен чанар ихээр өөрчлөгдөж, заримдаа ч тэнгэр-газар, хүн-нохой мэт болох үед Монголын төлөө цохилох энэ сэтгэл хэвээрээ. Энэ мөн чанар биш юм бол өөр юуг мөн чанар гэх вэ? Би Монгол хэвээрээ гэдгийг би мэднэ.

Аав ээжийн минь хүссэн Ардчилал бий болсон гэж бодож байгаа, гэхдээ олон алдаа хийсэн  гэдгийг мэдэж байна. Ах, эгчийн минь үес, шилжилтийн үе гээд зовох нь зовж, амжилтад шургах нь шургаж. Харин миний үе, бидний энэ амьдарч байгаа үе хурдацтай өөрчлөгдөж, бид чирэгдэж байна. Чирэгдэж, хоцрогдож байгааг харж суухад энэ бие минь тайван биш байна. Яагаад гэвэл, бид 1990 онд хийсэн алдааг давтах эрхгүй иргэд, алдаанаас суралцах иргэд. Суралцаж чадаагүй алдааг давтвал Монгол улсын мөхлийн түүхэнд бичигдэх иргэд. Эрх чөлөөгөөрөө бид өнөөдрийн 21-ээр зууны иргэд болсон бол бид Монгол улсын ирээдүйг бий болгох үүрэгтэй бус уу? Ардчиллын эрхийг ашиглан, буруу зөвийг шүүх эрхтэй бус уу? Манай энэ үе, бидний энэ үе, Монгол улсыг зөв чиглэлд нь залах үе бус уу? Ардчиллын хүчээр бий болсон юм бол, сонгон тогтолцоог бий болгох хүчтэй бус уу? Яагаад гэвэл, бидний энэ үе, Монгол улсын Ардчиллын шилжилтийн үеийн Оргилоос Мөхөл хүрэх зааг юм.

Бичсэн зүйлс минь түмэн олонд хүрвэл Монгол Төрийн сүлд сэргэнэ. Хүрч чадахгүй бол энэ бие хүчээ авна. Хэлсэн үг бүхэн эрч хүч болон хуримтлагдаж байгаа гэдгийг бат хэлж чадна. Өнөөдөр та нар хийж чадахгүй бол, маргааш би өөрийн биерээр хийх болно. Монгол улс минь хөгжиж, цэцэглэх цагт, 60, 70, 80, 90-ээд он байтугай 21-ээр зууны хүмүүс бидний бий болгосон тогтолцоогоор аз жаргал хийх болно.

Би бол 1990 оны Ардчиллын хүүхэд, гэхдээ би сонгон Ардчилсан тогтолцоог Монголдоо хэрэгжүүлэх болно. Америкийн Ардчилсан тогтолцоонд сөгдөхгүй, Хятадын Коммунист намд мөргөхгүй, зөвхөн Монгол улс, Монгол нийгэмд нийцсэн сонгон, шилмэг тогтолцоог бий болгоно. Эв нэгдэж, улс хегжине.

Монгол улсын иргэн, Л. Болор |

Tuesday, April 12, 2016

Их гүрнүүдийн их амбиц

Зүүн Ази, номхон далай болон Хятадын Өмнөд тэнгист өрнөөд байгаа арлын сөргөлдөөнийг холбогдох улсуудын ашиг сонирхлоор нь ялгаж болно. Арлын маргаан нь бүс нутгийн аюулгүй байдал болон эдийн засгийн чухал хэсгүүд бөгөөд их гүрнүүдийн бодлогын тэмцлийн талбар болж байна. 
1. Орос-Японы Курил арлуудын  маргаан нь Японы хувьд амин арлууд юм. Учир нь, арлуудад зөвхөн эдийн засгийн ашиг сонирхол тусгахаас гадна, хүн амын шилжилт хөдөлгөөнтэй нягт уялдаатай билээ. Японы жижигхэн арлууд дээр өнөөдөр 126 сая хүн амьдардаг бол Оросоос Курилийн дөрвөн арлуудыг авснаар Япон улсын үндэсний аюулгүй байдлын томоохон асуудал шийдэгдэж байгаа юм. Оросын хувьд энэхүү арлууд нь аюулгүй байдал гэхээсээ илүү эдийн засгийн ач холбогдолтой билээ.

2. Хятад-Японы Сенкаку/ Диао Юү арлууд бол хоёр улсын тэнгисийн хилийг тогтоосон онцгой нутаг дэвсгэр юм. Зүүн Азийн аюулгүй байдлын хүрээнд, энэхүү арлын маргаан нь Хятад-Японы дипломат харилцаанд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж хувираад тхагас жил болж байна. Японоос гадна, Тайвань бас арлын эзэмшлийг маргалдаж байгаа. Бүр цаашилбал, Окинава дахь АНУ-ын цэргийн бааз нь Сенкаку аралтай ойрхон бөгөөд Япон, Тайваний Хятадын эсрэг байгаа байр суурь АНУ-ын “Дахин тэнцвэржүүлэх” бодлогын хүрээнд давуу тал болж байна.  Бүс нутгийн аюулгүй байдлын хүрээнд, Хятад-Японы арлын сөргөлдөөнийг аль болоx тайван замаар шийдэх нь чухал болно. Гэвч, бодит байдал дээр хоёр талын байр суурь хөдөлшгүй шинжтэй байгаагаас үүдэн, зэвсэгт хүчний мөргөлдөөн гарах аюултай гэж судлаачид сэргэмжилж байна. 

3. Хятадын өмнөд тэнгисийн арлын маргаанууд улам ч ээдрээтэй. Учир нь, өнөөдрийн байдлаар БНХАУ-тай таван улс арлын маргаантай байна: Вьетнам, Малайз, Индонес, Филиппин ба Бурма. Маргааны гол учир нь Хятадын эдийн засгийн гадаад бодлогын томоохон хэсэг болох чөлөөт худалдааны эрх мэдэл, бүс нутгийн ЭЗ-ийн тэргүүлэгч байх амбицтай нягт уялдаатай юм.  Нөлөө талаас, АНУ-ын “Дахин тэнцвэржүүлэх” бодлого хийгээд холбоотон улсаар дамжуулсан арлуудын эрх мэдлийг булаацалдах чиг үүсээд байна. Эдгээр ээдрээтэй асуудлыг бүхлээр нь харвал, их гүрнүүдийн их амбиц жижиг улсыг чирэх аюултай мэт. Их гүрний амбицын дор жижиг улс хөгжих эсвэл мөхөхийн эрмэг дээр. Зүүн Ази, номхон далай болон Хятадын өмнөд тэнгис дахь арлын маргаанууд нь БНХАУ-ын гадаад бодлогын томоохон сорилт болж байгаа юм. АНУ ч бас өөрийн бодлогын хүрээнд холбоотныг ашиглан хүчээ авч байгаа нь бодит юм. 

Л. Болор

Эмхтгэсэн, эх сурвалж:

1. Япон-Орос Курил арлын маргаан: http://www.bbc.com/news/world-asia-pacific-11664434

2. Япон улсын хүн амын тоо: http://www.worldometers.info/world-population/japan-population/

3. Япон-Хятадын Сенкаку-Диао Юү арлын маргаан: http://www.scmp.com/topics/diaoyu-islands-0

4. Японы тэнгисийн цэргүүд:



Sunday, March 20, 2016

Япон-Филиппин

Зүүн Ази болон Хятадын өмнөд тэнгисийн аюулгүй байдлын хүрээнд Япон-Филиппин хоёр шинэ гэрээ хийлээ. Энэхүү гэрээ нь бүс нутгийн тэнгисийн аюулгүй байдалтай нягт уялдаатай бөгөөд, хоёр улсын хувьд хоёулаа БНХАУ-тай арлын маргаантай байгаагаас үүдэлтэй юм. Хоёр талын зэвсэгт хүчний салбар болон аюулгүй байдлын хэлттэсүүд гэрээг нууцын зэрэглэлтэйд үзэж байгаа юм. Зүүн Ази, Номхон далайд Хятад-Япон хоёр Сенкаку/Диао Юү арлын маргаантай байгаа бол Филиппин-Хятад хоёр Спратли арлууд (есөн жижиг арлаас бүрдсэн) болон арлын дээрх, доорх, тэнгис дахь баялгийг эзэмших гэж олон улсын арбитр дээр шүүхдэж байгаа билээ. 

Хятад-Япон-Филиппинээс гадна АНУ-ын Ази дахь зэвсэгт хүчний, аюулгүй байдлын бодлого ихээр нөлөөлж байгаа. АНУ-Японы аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээний зорилго нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлтэй бол АНУ-Филиппин хоёр ч мөн адил юм. Тэгэхээр, БНХАУ-тай бодлогоороо өрсөлдөх АНУ-ын бодлого Филиппин-Япон хоёрыг нэгтгэж Хятадын өмнөд тэнгист өөрийн болон холбоотны хүчийг бататгаж байгаа шинж юм. 

Зүүн Ази, Номхон далай, аюулгүй байдал | Л. Болор. 

Friday, March 11, 2016

Мэдээллийн Эрин

Бидний өдөр тутмын амьдрал хүссэн хүсээгүй мэдээллээр бөмбөгдүүлж байгаа билээ. Олон нийтийн мэдээлэл болон сошал ертөнцийн цар хүрээ өргөжихийн зэрэгцээ олон янз болж байна. Үүнтэй уялдуулан цаг хугацааг хэрхэн ашиглах гэдэг том асуудал гарч ирж байгаа юм. Хэдэн мянган хэвлэл мэдээлэл, фб, твиттер, линкедин, онлайн аппнаас чанарын ялгаа харагддаг бөгөөд чанарын ард төрийн, хувийн, тбб байгууллага, хувь хүн, төв байдаг гэдгийг хамгийн эхэнд анхаарах хэрэгтэй болов уу. Цаг хугацааг хэмнэхийн тулд зөв, баримттай мэдээллийг олох нь зүйтэй. Нуршсан, хов жив хөөсөн, судалгаа сурвалж муутай мэдээлэл таны цагийг үрхээс гадна, бодит байдлаас улам холдуулдаг.

Миний үзэж байгаагаар их ихэнх хүмүүс хүссэн зүйлээ уншдаг ч, уншсан зүйлээ хэн нэгний хов живээр ойлгодог. Энэ нь нэг талаас хэвлэл мэдээллийн олиггүй чанарыг тодотгох ч нөгөө талаас хувь хүний дүгнэлтийн асуудал гэж бодох юм. Дэлхий дахьний мэдээллийн эрх чөлөөний хүрээнд Хойд Солонгос, Хятад, ОХУ, Венесуэл, Куба болон зарим лалын шашний улсуудтай харьцуулбал, бидний интернэт, мэдээллийн сүлжээний эрх чөлөө хамаагүй өргөн. Чухам уншиж байгаа зүйлээсээ хов жив биш утга санаа, баримт, үр дүн хайвал чанартай мэдээлэл болж чадна. 


ЛБ.

Monday, February 29, 2016

China-Philippines International Arbitration

1. China-Philippines International Arbitration on the Spratly Islands dispute
2. Chinese FM Wang Yi on Islands dispute Feb, 26 2016 US Secretary John Kerry and Chinese FM Wang Yi
3. UN Convention on the Law of the Sea and UNCLOS+ANNEXES_AGREEMENTS

Энэтхэг-Ираны Геополитикийн Түншлэл

Дэлхийн хөгжиж буй улсууд эдийн засгийн хөгжлийн гарц болгоныг тун оновчтой ашиглахыг эрмэлзэж байна. Улс болгон өөрийн гэсэн эдийн засгийн бодлоготой бөгөөд үүн дээр геополитикийн давамгай тал нь хөгжлийн тулгуур болж байна. 2015 онд Ираны эдийн засаг, дипломат харилцааны хоригийг цуцалснаар, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааны бодлого эрчимжиж байгаа. Үүнтэй уялдуулан Иран улсын Шинэчлэгч Хассан Рохани, 2016 оны сонгуульд ялах магадлал өндөр байгаа. Энэхүү сонгууль нь Лалын Шиа урсгалтай Иран улсын хувьд, шашны хэт радикалуудаас ангижрах гэдэгт хамгийн чухал ач холбогдол өгөх нь зүйтэй.

Эдийн засгийн хориг буурснаар Иран улс олон улстай хоёр талын гэрээ хэлэлцээрийг өргөжүүлж байгаан нэг жишээ нь Энэтхэг улс юм.  Ираны Чабахар боомтыг ашиглах саналыг Энэтхэг санаачилсан билээ. Чабахар далайн боомт нь Оманы Персийн буланд байрлах учраас олон талт худалдааны гарцыг бий болгож байгаа юм. Жишээлбэл: Пакистаны баруун хойд эрэг, Арабын тэнгис дахь Оман улс, цаашилбал, Персийн булан хүрэх гарцууд ч бий. Далайн боомтыг ашиглахаас гадна, Чабахараас цааш 901 км төмөр зам барин Афганистаны Хажигак төмрийн хүдрийн уурхай хүрэх төслүүд давхар явагдаж байна. Эдгээр мега төслүүд нь Иран-Энэтхэгийн дипломат харилцааг бэхжүүлэхээс гадна, Энэтхэгийн Төв Азид хөл тавих геополитикийн бодлого юм.

| Л. Болор |





Sunday, February 21, 2016

Сэтгэлгээний хувьсгал

Сэтгэлгээний доройтол, гажуудал, харанхуйтал, зэврэлт, манан... нэрлэх үгс минь дуусаж байна. Энэ сэдэв хүнд боловч үнэн, үнэн боловч хязгаартай, хүн бүхэнд хамааралтай, нийгмийг бүрхэх манан мэт. Өдөр тутмын амьдрал биш юмаа, уншиж бичихийн утга учир, ойлгож, ухаарахын агуулга юмаа. Тэр тэгсэн, энэ ингэсэн бишээ, тоо баримт, бичиг, цаас, тангараг өгсний хариуцлага юмаа. Нэг өдрийн сенсац байхад, нэг насны нэр хүнд байдаг юмаа. Нэрээ алдсан гишүүн бишээ, тэрнээс суралцах ухамсар юмаа. Нийгмийн эзэд иргэд, Засгийн эзэд ч иргэд. Харин, сэтгэлгээний эзэд бол хувь хүн та өөрөө.
Урлаг, улс төргүй нийгэм гэж үгүй. Тэгвэл, сэтгэлгээний гажуудалгүй нийгэм бас үгүй. Гэтэл, тэр бас хязгаартай. Тэр хязгаарт нийгэм аль хэдийн хүрч. Хүрээд бараг даваад явлаа. Зарим нэг нь бүр түлхэж унагаалаа. Унаxасаа өмнө сэрээрэй. Хонх дуугаргах уу эсвэл? тэр нь сонгуулийн пиар биш юмаа. Харин, сэтгэлгээний эзэд бол хувь хүн та өөрөө. Намайг юу гээд бодчиx бол, хэлчиx бол гэсэн бодол бишээ, яг л наад хайрцгаасаа гараад ир. Цээжний бангаар ярих бишээ, хэлсэн үгэндээ эзэн болоорой.
Нийгэм ямар бүрхэг байнаа, нийслэлийн утаа бишээ, сэтгэлгээний утаа, манан. Сэтгэлгээний хувьсгалыг та бид өөрөөсөө эхлүүлнэ.
Л. Болор

Tuesday, February 2, 2016

Хязгаар


Миний хэлний хязгаар, миний ертөнцийн хязгаар гэж үг бий...



Tuesday, January 19, 2016

Үндэсний аюулгүй байдал гэж юу вэ?

                                

Улс төр судлалд хэдэн гол үзэл баримтлал байдаг. Үүний нэг нь үндэсний аюулгүй байдал (ҮАБ) юм. ҮАБ гэдэг концепт нь тухайн улсын түүх, тусгаар тогтнолыг баталгаажуулсан, цаашид баталгаажуулах, хуулиар хамгаалагдсан бодлого гэж ойлгож болно. ҮАБ-ын хүрээнд төрийн бүх салбар ажилладаг. ҮАБ-д халдсан үйл ажиллагааг төрийн эсрэг гэмт хэргээр ангилж, хууль хяналтын байгууллагууд хариуцлага тооцох хэлбэрээр арга хэмжээ авдаг. ҮАБ-ын чухал агуулгыг товч бөгөөд тодоор дөрвөн хэсэгт хуваая.
1. Эдийн засгийн аюулгүй байдал. Ямар нэгэн улсаас эдийн засгийн хараат бус байх тогтолцоог хуулийн бодлого/чиглэл болгон төрийн байгууллагууд ба хувийн хэвшилд хүргэдэг. Эдийн засгийн аюулгүй байдал нь улс орны богино болон удаан хугацааны хөгжлийн алтан түлхүүр юм. Хөрш улсуудын, бүс нутгийн болон олон улсын тавцанд өрсөлдөх чадавхыг бэхжүүлэх нь эдийн засгийн аюулгүй байдлын асуудал юм.
2. Геополитикийн аюулгүй байдал. Газар зүй дамжсан улс төрийн удаан хугацааны төлөвлөгөөт бодлогын чанартай. Геополитикийн аюулгүй байдлын харьяалалд газар нутаг дамжсан, хил залгаа, эсхүл бүс нутгийн эдийн засаг, хүн ам, эсхүл гадаад харилцааны хатуу, зөөлөн хүчээр тархдаг юм.
3. Төрийн нууц мэдээллийн аюулгүй байдал. Ямар ч улс оронд төрийн нууц гэж байдаг. Төрийн нууц мэдээллийг чанд хадгалах тогтолцоог хуулиар болон албан тушаалтны үүрэг хариуцлагат тусгагдсан байдаг. Үндэсний аюулгүй байдлын маш чухал хэсэг бол төрийн нууц байдаг. Энэ салбарт тагнуул, батлан, жанжин штаб, төрийн өндөр албан тушаалтнууд, технологийн салбарууд хамаарагдана.
4. Хүн амын аюулгүй байдал. Улс орны иргэд гэдэг нь тухай улсын хүн ам, цаашид тэр улсын өв залгамжлах хүмүүс юм. Хүн амын тоо өсөлт, бууралтаас болж үндэсний болон үндэстний аюулгүй байдлын асуудал хөндөгддөг.
ҮАБ-ын асуудал нь дотоод хэргээс гадна, гадаад хэргийн нөлөө ч хамааралтай. Гадны нөлөө гэдэг нь бусад орны улс төрийн, эдийн засгийн, цэрэг зэвсэгт хүчний, технологийн давамгай чанар/бодлого/чиглэл юм. Дэлхийн энх тайван, аюулгүй байдлын улмаас улс орны ҮАБ-ын бодлого шинэчлэгдэх/хуулийг хатуу болгох/илүү өргөн хүрээтэй болдог.
Цаг хугацаагаа дагаад улс орны ҮАБ-ын консепт ч өөрчлөгдөж байна. Технологийн салбар хүчтэй болж төрийн болон хувийн нууц мэдээллийг хулгайлах, гуравдагч итгээтэд тараах, зарах г.м. ноцтой гэмт хэргүүд гарч байна. Монгол жижиг орны хувьд ҮАБ нь бидний тусгаар тогтнолтой шууд уялдаатай гэдгийг тодруулмаар байна. Эдийн засгийн хараат бус байдал, хил гаалийн хяналтыг бэхжүүлэх, батлан хамгаалах салбар идэвхжих, төрийн байгууллагууд дотоодын энхийг барих, төрийн нууц баримтыг чанд хадгалах шинэ технологи хэрэгсэл г.м. олон асуудал байгаа юм. Дашримд, Монгол улсын хуульд ҮАБ-тай холбоотой Төрийн эсрэг гэмт хэрэг гэсэн эрүүгийн тусгай анги байдаг. Энэ хуулийг иргэн бүр мэдэж байх нь зүйтэй гэж үзэж байна. /АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 79-90 http://www.legalinfo.mn/law/details/50?lawid=50%

ҮАБ нүсэр сэдэв учраас чухал зүйлүүдийг шилж оруулав. 
Л. Болор

Тавантолгой-Гашуунсухайт

Тавантолгойтой холбоотой ташаа мэдээлэл сошалаар дүүрэн байна. Хольж хутгаад бантан болгочхож.  Ер нь дэд бүтэц, төмөр зам, зам тээвэр, эрчим хүч, усан хангамж, энэ том төслүүд чинь Монгол Улсын Их Хурлаар, Засгийн газрaap орж, гаргасан тогтоол, захирамжийн дагуу хөтөлбөр болон гардаг юм л даа. Хэвлэл мэдээлэл нь ташаа мэдээ явуулаад байхаар иргэд нь хов жив хөөх нь ойлгомжтой ч юм. Нэг хүний эсхүл нэг сайдын шийдээд байдаг асуудал ч биш. Тэгэхээр энэ хов жив ярихын оронд, УИX, ЗГ-ын тогтоол, үндэсний хөгжлийн бодлогын хөтөлбөр яривал яасан юм? Тодруулбал, энэ яригдаад байгаа асуудлууд 2015 онд эхэлсэн асуудлууд ердөө биш. 

1. Тавантолгойн гэрээ гэдэг бол Шийдлийн Засгийн Газрын “Эрдэнэс Тавантолгой” ба “Энержи Ресурс XК”-тай гарын үзэг зурах гэж байсан 3 гэрээ (Хамтын Ажиллагааны Гэрээ, Хөрөнгө Оруулалтын Гэрээ, Концессын Гэрээ). 2015 оны 11 сард УИX энэ төслийг эдийн засгийн үр ашиггүй, Монгол улсын олон хуулийг зөрчсөн гэрээ гэж нотлоод, дэмжээгүй. Тавантолгойн орд шинээр нээгдэх биш, аль хэдийн эхэлсэн, ажиллаж буй орд юм. / http://www.parliament.mn/news/info/categories/77/pages/23139/ 

2. Тавантолгой–Гашуунсухайтын төмөр зам гэж Монгол Улсын УИX-ын 2010 оны 32 дугаар тогтоол, 2012 оны 37 дугаар тогтоолын хүрээнд Засгийн Газрын 2012-2014 оны хөтөлбөр болж орсон асуудал юм. / http://www.legalinfo.mn/law/details/10742/ . 2010 онд тогтоол гарч, 3-н жилийн дараа Засгийн Газар 2013 оны 118-аар тогтоолоор санхүүжилтээ өгч эхэлж, Тавантолгой-Гашуунсухайтын чиглэлийн 267 км төмөр замын шороон ажил 77.3% тай зогссон. Зогссон шалтгаан нь ЗГ үлдсэн мөнгөө өгөөгүй. /http://cabinet.gov.mn/files/govactivity/13060003.pdf/ 

3. “Монгол Цэрэг Бүтээн Байгуулалт” гэдэг нь 2013 оны Засгийн Газрын 107 тогтоолын хүрээнд 2012-2016 ны хөтөлбөр болсон асуудал юм. Энэ бол бүтээн байгуулалтын, дотоодын ажлын байрыг нэмэх, цэрэг зэвсэгт хүчний салбарыг давхар бэхжүүлэх бодлого гэж ойлгож болно. / http://www.legalinfo.mn/law/details/9124?lawid=9124/

Хоёрт, сонгууль ойртоод нэг нэгнийгээ гүтгэсэн, үндэслэлгүй зүйл ярьж байгаа нь нөгөө л сонгуулийн пиар, ард иргэдийг хуваах асуудал болж байгаа нь харамсалтай. 

Эх сурвалжуудыг хавсаргав.

Л. Болор

Wednesday, January 13, 2016

Цаг Хугацааны Гуниг


Бурхан цагаан ууланд буурал униар татна.
Бусдын нутгийн сайхан өөрийн нутаг санагдана.
Будант өндөр оргилд хүдэн манан суунаглана 
Буцаад ирдэг хорвоо буруу үйлээс зугтаатай.

Эргий нь эмжин голын хөвөөгөөр алхахуй
Эртний сайн нөхөд шиг царс мод бууралтана.
Аниргүй мэлтэгнэх голын урсгалыг ширтэхүй
Аав, ээж хоёр минь амьд юм шиг бодогдоно.

Бугын мянган эвэр шиг бургасны мөчрүүд сэрийлдэж
Буурал цасан тэднийг сэвсийтэл чимсэн нь үзэсгэлэнтэй.
Бум буман буга нэг доор цугалсан юм шиг
Бургасан шугуйн чөлөөнд алхалж явах таатай.

Цаг хугацааа энд царцсан мөчир болж хувираад
Цагаан манан дунд анир чимээгүй л ноёлоно.

Ганц мөчир хөдөлгөхөд бүх шугуй нь хайгаж
Газраар нэг цасан будрах нь цагаан шүхэр гэлтэй.
Хонгор багын мөрүүдээ уншиж догдолж явсан
Ховор сайхан нөхдийн минь тэн хагас нь алга.

Хорвоо гэдэг дүнсгэр, хоёр хар хэрээ л ниснэ
Хошуугаараа далавчаа засах тэднийг л би танина.
Цав цагаан цасан дээр хад хар хогёр хэрээ л буцна.
Цаг хугацаа өөрөө л зохист өнгөөр тэднийс буджээ.

Байгалиас илүү урлаачийг бардам амьдралдаа үзсэнгүй.
Бараан цагаан хоёрыг харшуулж яваадаа гутсангүй.
Ахуй энэхэн насандаа баяр хөөр, уй гунигийг хослуулан ч
Алтанхан навчис, хөх тэнгэрээсээ уйдаж ер үзсэнгүй!

Олон олон анд минь оршихуйн өөр хэлбэрт шилжсэн ч
Одоо буй энэ ертөнцөөсөө буцахыг би яарсангүй!
Эцэстээ буцах л учраас элэцэгтээ ч яарах юм билээ?
Энэ хорвоод манаргаж, хийх ажил минь дуусахгүй юм.

Цагаан дэлт азарга цаст уулнаас бууж ирээд
Цасанд дарагдсан эргийн дагуу яваар
Намрын сүүл сарын эрднийнн уснаас ханатал залгилж
Найртай сайхан тургилаад мөчир үнэрлэн одов.

Цаг хугацааны гунигийг би энд дахин мэдэрч
Цаглашгүйн нууцыг хүүрнэн дүүтэйгээ цуг алхахуй
Аугаа их цагаан мананд ямар юм бүрэлдэн
Алтан дэлхийн жам ёс найртайхан хувирч буйг мэдэрнэм.

О. Дашбалбар 1998.X.20-23. 

Wednesday, January 6, 2016

Бурхан надад зөв бай гэж тархийг минь заяажээ
Сэтгэлийг минь Монголдоо бай гэж зүрх заяажээ. 

Л. Болор

Monday, January 4, 2016

"Хэрэгжүүлэх"

Нэг зүйлийг орхиод байна: хэрэгжүүлэх. "Хэрэгжүүлэх" гэдэг чинь үйл үг. Хууль батлаал байхын, хэрэгжүүлэхгүй бол цаасан дээр бичсэн бичгээс ямар ялгаа байна. Ардчилал хөгжсөн оронд хуулиа л сахиж л амьдардаг шд. Жирийн ард иргэд хүртэл хуулийн доор, Төр нь ч ялгаагүй хуульдаа захируулдаг ийм л тогтолцоог бий болгох гэж 25-н жил өнгөрлөө. Төр хэчнээн сайн хууль батлаад, иргэний ухамсарт хүрч чадахгүй, хэрэгжиж чадахгүй байгаа үед яах ёстой вэ? Нөгөө иргэний нийгэм, Ардчилсан иргэний нийгэм гэдэг сэдэв сэдэж байгаа юм л даа.

Иргэний үүрэг хариуцлага, нийгмийн хэрхэн гэрэлтэй байлгах нь Төрөөс нөлөөтэй боловч, иргэд энэ нийгмийг өглөө бүр сэргээж байдаг. Ухаалаг, ухамсартай нийгэм бол ухаалаг, ухамсартай иргэд гэсэн үг. Нийгэм бол гурван сая хувь хүн. Гурван сая хувь хүн бол Монгол улсын нөлөөтэй хүчин зүйл. Иргэн бүрийн зарчимтай, ухамсартай, ухаалаг шийдвэрээс Монголын ирээдүй шийдэгдэнэ.
Тэгэхээр, иргэн ямар үүрэгтэй байдаг юм бэ? Та хотын гудамжинд алхаж явахад Монгол улсын иргэн, УБ хотын оршин суугч; орчин тойрноо хамгаалах, хайрлах, анхаарал тавих үүрэгтэй. Энэ бол иргэний үүрэг. Иргэд бид нар үүргээ гүйцэтгэхгүйн бол нөгөө нийгэм гээд байгаа хүчин зүйл чинь хоосон болж төр ганцаараа үлдэнэ. Нийгэм-улс төр хоёр биенээсээ холдоод ирэхээр хууль нь бичиг цаас, иргэд нь төртэйгээ өстөн дайсан болж улс орон тэр чигээрээ нийгмийн болон улс төрийн хямралд ордог.
Сайхан нийгэмтэй болъё гэвэл хуулиа л ХЭРЭГЖҮҮЛЭХ хэрэгтэй. Иргэд ухамсаргүй, хуулиа ажил хэрэг болгож чадахгүй, нийгмээ хараагаад сууж байхад, та өөрийгөө харааж байгаатай адил.
Л. Болор

Sunday, January 3, 2016

Эх Хэл

Ямарч улсын гадаад хэлэлцээр дээр хэл, үг, үсэг хамгийн чухал эд анги байдаг. Хэлэлцээрийн үед давхар агуулгатай, аюултай, ноцтой үг хэлийг хэлэлцээр хийж байгаа бүх тал маш сайн хянаж байдаг юм. Маш бодит жишээ хэлье: Израиль-Палестины эв найрамдал болон газар нутгийн хэлэлцээр дээр ганцхан үгнээс болоод Палестины тал хэлэлцээрийг няцаасан. Тэр нь ямар үг байсан вэ гэхээр, "газрууд" гэсэн байсан. Нэг газар биш, олон тоон дээр "газрууд." Палестины хувьд, тэр нь Израиль цаашид энэ газрыг биш харин газруудыг авах санаа агуулсан гэсэн ойлголт өгсөн. Дотоодын жишээнээс: Н. Энxбаярын Их Өрийн хэлэлцээрийг хийж байхад, бас нэг үг дээр зөрчилдөж байсан, тэр нь 95% "хүртэл," 95%-с доош гэсэн үг шүү дээ, хэд ч байж болно. Гэтэл, Монголын тал 95%- тулаад, түүнээс дээшээ гэсэн байр суурьтай байсан.

Яагаад энэ үг хэллэг дээр анхаарах болов гэхээр ер нь Монголд олон гадаад улсын гэрээ хэлэлцээр явагдаж, Хятад, Япон, Солонгос, Англи, Орос, Ираны Перс хэлээр хүртэл гадаад ажил хэрэг явагдаж байгаа үед бид өөрсдийн эх хэлээр бүх зүйлийг, маш тод байлгах нь эргээд бидэнд хамгийн чухал хүч болно гэдгийг тодруулах гэсэн юм. Хоёрт. 1990-с хойш Монголчууд гадагш их гарч, үр хүүхдүүд нь эх хэлээ мартах, зарим нь бүр мэдэхгүй байх тохиолдол ч олон байдаг. Хэл гэдэг бол ерөөсөө шууд улс орны уламжлал, тэр улсын түүх соёлыг маш том хэсэг, бараг газар нутаг, тусгаар тогтнолын дараа орох зүйл. Тэгэхээр, энэ эх хэлийг сайжруулах, ном, уран зохиол уншиx, үгийн баялгаа яг оновчтой хэлдэг болмоор байна. Үүнээс гадна, 2015 оны УИX-р баталсан Монгол хэлний тухай хуулийг маш дэмжсэн хүмүүсийн нэг би байна.

Сул үг бага хэрэглэж, товч бөгөөд тод, оновчтой ярьж, бичиж сурах гэдэг нь бас эрдмийн хамгийн том бэлэг шүү гэж хувьдаа боддог. Тэгээд сул үг их хэрэглэсэн, өөрийгөө тайлбарлаж чадахгүй хүнтэй ч юм ярих дээр, цагаа хараад суудаг.


"Хэлтэй бол хөлтэй" гэдэг эртний үг дээр нэмээд, "Хэлгүй газар нутаггүй" гэж хэлмээр санагдлаа.

Л. Болор

Saturday, January 2, 2016

Тархи, Зүрхний Чуулган




Дэвтэр, үзэгнээс салахаа байж
Бодлын үер болж байгаа нь 
Тархи, Зүрхний чуулган болж байгаан шинж. 

Л. Болор