Thursday, May 19, 2016

Тэдний айдас

Муу хvмvvc хичнээн эрх мэдэл, херенге менге ярьсан ч, эрх челеегеер нь оролдоод ирэхээр амьдрал, ухамсар, мен чанар ярьж сэтгэлийн гvнрvvгээ мухардан ордог. 

Тэдний айдас...

Casablanca

                             https://www.youtube.com/watch?v=nGBQhywokWA

Monday, May 16, 2016

Монгол улсын бодлогыг тодорхойлох Төр байна уу?

Монгол улсын бодлогыг тодорхойлох Төр байна уу?
Бодлоготой улсын улс төрчид, хуульчид, эдийн засагчид, дипломат төлөөлөгч нар бүгд нэг л зүйл ярьдаг. Манай улсын эдийн засгийн бодлого ийм, манай улсын гадаад харилцааны бодлого ийм. Манай улс энэ асуудал дээр яг ийм байр суурьтай байна. Бид энэ маягт, модел, бодлогоороо улс орноо ингэж хөгжүүлсэн, ирээдүйд ийм зүйлийг зорьж байна гэсэн бодлого, чиглэл, хүүль эрх зүйн орчинг ярьж байна.
Зөвхөн гадаад бодлогын хүрээнд яривал, Гуравдагч хөршийн бодлого гээд гадаад харилцааны бодлогыг олон нийтэд Хятад, Орос хоёроос зугтаасан бодлого хэмээн ярьж байх жишээтэй. Нэгэнт газар зүй, геополитик, хил-боомтоор үүрд холбогдох Хятад, Орос хоёртой хөршийн найрсаг, ухаалаг харилцааг эрхэмлэж байж бид гуравдагч хөршийн гадаад бодлогыг хэрэгжүүлж чадна. Монгол улс ямар бодлоготой байх вэ гэвэл, хоёр хөршийн харилцаа улам сайжрах тусам, бидний эв нэгдэл, улс төрийн тогтвортой байдал, үндэсний аюулгүй байдал, эдийн засгийн маш нарийн бодлого, чиглэл, геополитикийн асуудлууд зэрэг нэг бүрчлэн өөрийн гэсэн суурин бодлоготой байх шаардлагатай. Бүх шатанд. Хоёр хөршид Монгол улсын гадаад бодлогын үндэс, чиглэл, утга агуулгаа тодруулалдаа!? Гуравдагч хөршийн бодлогыг хоёр хөршид зөв ойлгуулж, өөрсдийн байр сууриа тодруулж чадаагүйгээс болж шахалтад орж байна. Гуравдагч хөршийн бодлогыг боловсрол, шинжлэх ухаан, техник, аялал жуулчлал г.м. олон хөгжлийн салбарт ашиглах үндэсний хөгжлийн чухал хэсэг гэдгийг тодруулалдаа!? Тусгаар тогтносон улс л юм бол гадаад бодлого дээрээ нэгдмэл байлдаа!? өөрсдийн байр сууриа илэрхийлэлдээ!?

Хоёрт. Монгол шиг хүн ам цөөтэй оронд маш тод хууль эрх зүйн орчин, төрийн тогтвортой нэг чиглэл, гадаад харилцааны үзэл баримтлал, батбэх батлан хамгаалахын бодлого, төрийн, засгийн газрын залгамжлах чанар, хил, гаалийн чанартай хяналтаар өөрсдийн эрх ашгийг хамгаалж, ирээдүйгээ бий болгож чадна. Эс хийвээс, бидний өнөөдрийн бүх шатны хэврэг байдал, бусад орнуудад ашиглагдах үндэсийг бий болгож байна. Хэврэг салбар болгонд ашиглагдвал, цаашдаа юу болох вэ? Энэ тусгаар тогтнолын асуудал шүү.
Хэврэг байгаа учир нь бид эв нэгдэлгүй, нэгдсэн бодлого байхгүй байна. Эдийн засагч нар нь үндэсний аюулгүй байдал гэдэг зүйлээ ойлгохгүй, улс төрчид нь хууль эрх зүйгээ мэдэхгүй, дипломат төлөөлөгч нар нь улс орныхоо гадаад бодлогын үүдийг нээх, тэлэх, ухаалаг бодлого явуулах үүднээс, аль улсаас юу суралцаж, авч, хэрэгжүүлэх болох, болохгүйг гаргаж ирж чадахгүй л байна шд.
Намын талцал биш юмаа, Монгол улсын бодлого юу вэ?
Эдийн засагчдын хэрүүл биш юмаа, ҮАБ-ын хүрээнд ЭЗ-аа яаж хөгжөөх вэ?
Хуульчдын үзэл бодол биш юмаа, Ямар хуулиар Монгол улсын эрх ашиг хамгаалагдах вэ?
Улс төрчдийн хувийн ашиг сонирхол биш юмаа, Гурван сая хүн цаашдаа хэрхэн сайхан амьдрах вэ?

Монгол улсын бодлогыг тодорхойлох Төр байна уу?
Улс төр | Л. Болор

Болсон явдал.



Болсон явдал.

Friday, May 13, 2016

Brazil and Mongol

Бразил улсын бохир улс төр, бэлэн мөнгөний хээ хахуул, нийслэлийн ядуу хороолол г.м нүдэнд илт олон зүйлс Монгол улстай төстэй санагддаг. Улс төр, нам, бүлэглэлийн хүрээнд эцэс төгсгөлгүй хээ хахуул, авилга, хувийн ашиг сонирхол хөөсөн хүмүүсээр дүүрэн. Нийслэл хотын өнгө үзэмж сайхан хэсэгтэй сайхан ч, хэдэн уул давах фавела нь хар тамхи, хүнд гэмт хэрэгтний оргоншил болсон байдаг. Ядуурлаас үүдэлтэй гэх тайлбар засаг солигдох болгонд байжил байдаг. Нийгмийн халамжаар өдрийн хоолоо идэх иргэд байхад, хар тамхи, газрын тос, бензиний монополь цохисон Петробас мэт компаний саятнууд төрийн албаныхныг, цагдаагийн байгууллагыг, цэрэг, зэвсэгт хүчнээ ч атгасан нь илт байдаг. Түүхээс үзвэл, Португалийн колоничлогчид ард иргэдийг захирахын тулд, амин хэрэгсэл болох байр, ус, хоол, дэвшилт муутай ажлын байр олгож, дуу хөгжим, бүжиг таанз өөрсдийгөө баясах эрхийг нь хорьдоггүй байсан. Өнөөдрийг хүртэл энэ бодлого хэрэгжсээр байгаа ч энэ хавхны золиос нь ядуу иргэд, эрх нь хар тамхи, их хэмжээний мөнгөтэй хутгалдсан төрийн эрх баригчид, цагдаа, хамгаалалтын байгууллагууд, болон бизнесийн том бүлэглэлүүд билээ.
Бразил улсын фавела, Улаанбаатар дахь гэр хорооллыг санагдуулдаг. Хар тамхи, хүнд гэмт хэрэг байдаггүй юм аа гэхэд хүний наймаа, хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэл, ядуу хүмүүсийн амьдрал хотын тоос шороонд дарагдсан мэт санагддаг. Улаанбаатарт цэцэглэх нэгэн хэсэг байх ч, мөхөж буй хэсэг ч бас бий. Баян ядуугийн ялгаа энд үү? Нийслэл хотыг цэвэр сайхан болгоно гээд л Рио, Сао Паоло, Бэло Хоризонтэ г.м. том хотуудад хэдэн тэрбум ам. долларын тендер явагддаг. УБ-д бас ялгаагүй. Тэгвэл, Панамагийн офшор дансны мэдээллийг гарахаас өмнө бохир улс төрчид ухаалаг, зальтай үйлдэл хийсэн: хуурамчаар тендерт ялж 280 сая ам. долларын завшсанаа хүлээн зөвшөөрөөд уучлалт гуйж, бэлэн мөнгийг нь тараая гэсэн. Өнөөдөр Бразилын анхны эмэгтэй ерөнхийлөгч Улсын төсвийн хуулийг удаа дараагүй зөрчсөн хэргээр Дэд Шүүхэд шалгуулахаар 6-аан сараар ажлаасаа чөлөөлөгдлөө.  Би юу хэлэх гээд байна вэ? гэвэл---
УБ Хотын дарга, Э.Бат-Үүлийн санаачилсан нийслэлийг сэргээн босгох төсөл, хашаа байшинг цэвэрхэн, эмх цэгцтэй болгох тендер, төслүүд, хэдэн сая долларын үнэтэй вэ--Панама офшорт илэрсэн хүүхдийнх нь дансанд бидний хөгжлөөс завшсан мөнгө байгааг АТГ болон харьяалагдах хуулийн хүрээнд хариуцлага тооцохыг шаардаж байна. Панамагийн хэрэг дэгдэж, улс орнуудад эерэг цохилт болж, олон хүний нүд нээгдлээ. Хувьдаа баяртай байгаа.
Хоёрт. Ядуу иргэдийг өөрсдийн хяналтад байлгах бодлого, халтар мөнгө, аяга хоолоор хуурах нь том бизнес эрхлэгчдийн шунал хэтэрч, гар нь төрд сунж, нийгмийн хөгжилд эсрэгээр нөлөөлж байгаа нь ил тод болж байна. Энэ асуудал бол иргэд бидний гарт байгаа гэдгийг тодруулмаар байна. Сонгуулиар бид сонголт хийж, өөрчлөлтийг эхлүүлж чадна. Гэхдээ хамгийн чухал зүйл бол Монгол улс гуравхан сая хүнтэй, бид зөв бодлого явуулж, иргэд нь улс орныхоо төлөө сэтгэл санаагаа дайчлаж чадваас, 76 байтугай, гадаадаас орж ирж байгаа бодлогыг ч маневр хийж чадна.
Бразил чинь 200.4 сая хүнтэй улс шүү дээ?
Гадаад харилцаа | Л. Болор




Sunday, April 24, 2016

ТАББСХ-ын Бага хурал | Чөлөөт бүсийн тухай хууль

ТАББСХ-ын Бага хурал | Чөлөөт бүсийн тухай хууль

(CAPRC) Төв Азийн бүтээн байгуулалтын судалгааны хүрээлэнгээс зохион байгуулсан “Торгоны Зам” бага хуралд Монгол улс ажиглагч статусаар орлоо. АНУ дахь Төв Азийн ЭСя-ын төлөөлөгч нар улс орныхоо гадаад харилцаа болон эдийн засгийн хөгжлийн бодлогыг танилцуулахын зэрэгцээ, “Торгоны зам” бүс нутгийн хөгжилд хэрхэн нөлөөтэй болохыг тодруулсан болно. Түүхээс үзвэл, Төв Азийн их ихэнх орнууд (хуучин Оросын бага ястан) 1990-д оноос хойш Монголтой адил ардчилсан тогтолцооруу шилжиж яваа улсууд. Хүний эрхийг хамгаалах, эдийн засгийн чөлөөт бодлогыг хэрэгжүүлэх, улс төрийн тогтвортой байдлыг бий болгох гээд л бидэнд тулгарч буй олон асуудал танил мэт санагдана. Оролцсон улсуудаас Узбекистаны эдийн засгийн чөлөөт бүсийн бодлого анхаарал татав. Учир нь, Узбекистан газар нутгаараа Монголтой төстэй, хил залгаа гурван улс нь далайд гарцгүй билээ: Афганистан, Кыргызстан, Тажикстан. Хамгийн ойрхон далайн боомт нь Казахстанаар эсвэл Туркменистанаар дамжин өнгөрч Каспийн тэнгисийг ашиглаж болно. Юутай ч, Узбекистан улсын ЭСя-ын НБД-тай чөлөөт бүсийн талаар нэлээд ярилцаж, санал бодлоо хуваалцсан болно.

НБД-ын ярьснаас үзвэл, бүс нутгийн эдийн засгийн хөгжил хурдацтай шинэчлэгдэж байгаа учраас Узбекистан өөрсдийн эрх ашгийг хамгаалах бас тэлэх үүднээс дотоодын бүтээн байгуулалт, ЭЗ-ын чөлөөт бүсийг бий болгох чиглэлд түлхүү ажиллаж байгаа юм байна. ЭЗ-ын чөлөөт бүс нь 1) ДХО,ГХО-ыг татах, 2) дотоодын бүтээн байгуулалтыг бий болгох 3) олон төрлийн жижиг, дунд бизнесийг зэрэг бий болгох 4) ажлын байр нэмэгдүүлэх г.м. олон давуу талтай гэлээ. Үүнээс үзвэл, манай УИX-ын 2015 оны 2 сарын 12нд баталсан “Чөлөөт бүсийн тухай” хууль зөв л чиглэлдээ явж байгаа юм байна гэж бодогдлоо. Далайд гарцгүй улсуудын хувьд зовлон нэг, бодлого ч нэг байх шиг. Хэрвээ Төв Ази дахь бүх улсууд ижил бодлого, зэрэг явуулбал капитализмын өрсөлдөөн хэрэгжиж байна гэж үг. Нөгөөтэйгүүр, БНХАУ-ын “Торгоны Зам”-ын бодлогод хоёр талын болон олон талын гэрээ хэлэлцээр хийх боломжууд өргөжиж байна гэсэн үг л дээ. 

Хоёрт. Чөлөөт бүсийн татварын талаар ярилцсан. Ямар ч улс орон өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалахын тулд давхар бодлоготой байх нь зүйтэй. ГХО компани орж ирэх үед, дотоодын ажилчдын байр нэмбэл татвар багасгах; Их хэмжээний хөрөнгө оруулалт хийж бүтээн байгуулалт, дэд бүтэц бий болговол, татвараас чөлөөлөх г.м. олон янзын арга байгааг тодруулсан. Гэхдээ нэг зүйлийг маш тод хэлсэн нь: “Бидний хийж байгаа бодлого бол Узбекистаныг бүс нутгийн болон дэлхийн ЭЗ-аас хоцруулахгүй, иргэдийнхээ төлөө л янз бүрийн арга барил оролдож байгаа. Манай улсын хүн амын 60% нь нийгмийн халамжид байдаг учраас, эдийн засгийн бодлогоo заавал шинэчлэх, боломж болгон дээр уян хатан байж олон давуу талыг зэрэг хэрэгжүүлнэ” гэж хэллээ.

УИX-аар баталсан Чөлөөт бүсийн тухай хуультай танилцахад Төв Азийн улс орнуудаас дутахааргүй хууль эрх зүйн орчинг бүрдүүлсэн байна. Хэдэн чухал заалтуудаас:

3.1.2.“чөлөөт бүс дэх үйл ажиллагааны тусгай дэглэм” гэж хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологийг нэвтрүүлэх, экспортыг дэмжих, аялал жуулчлал, үйлчилгээг хөгжүүлэх зорилгоор чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, иргэнийг гаалийн татвар болон бусад татвараас хөнгөлөх, чөлөөлөх, шалган нэвтрүүлэх, бүртгэх, гаалийн хяналт тавих, чөлөөт бүсэд зорчих, хөдөлмөр эрхлэх хөнгөвчилсөн нөхцөлийн талаар энэ хуульд заасан тусгай зохицуулалтыг;
5.1.1.бизнесийг дэмжих зорилгоор нээлттэй, ил тод, шударга өрсөлдөөнд суурилсан байх;
5.1.7.бүс нутгийн тогтвортой хөгжил, орон нутгийн эдийн засгийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах, мэргэжлийн ажилтныг бэлтгэх нарийвчилсан төлөвлөгөөтэй байх.
6.1.Монгол Улсад чөлөөт бүс байгуулах, түүний байршил, чөлөөт бүсэд олгох газар нутгийн хэмжээ, хилийн цэсийг тогтоох, өөрчлөх, татан буулгах, үйл ажиллагааны чиглэл, төрлийг тогтоох асуудлыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр Улсын Их Хурал шийдвэрлэнэ.
6.3.Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу хил дамнасан чөлөөт бүс байгуулж болох бөгөөд уг чөлөөт бүсэд баримтлах бодлого, чиглэлийг холбогдох улстай байгуулсан гэрээгээр зохицуулна. г.м. олон шинэлэг, чухал бодлогууд явагдаж байна.
Монголын талаас анхаарах зүйл бол чөлөөт бүсийн хил, боомтын шалган нэвтрүүлэх харуул хяналтыг сайн байлгах.
25.1.Чөлөөт бүс нь улсын онцгой объектод хамаарна.
25.3.Чөлөөт бүсийн нийтийн аюулгүй байдал, хэв журмыг сахиулах үүргийг цагдаагийн байгууллага гүйцэтгэх юм байна. Импорт, экспортын бараа бүтээгдэхүүн гарч-орохын зэрэгцээ, хар тамхи болон бусад хууль бус үйл ажиллагааг дэлгэхгүй байх үүднээс шалган нэвтрүүлэх хэлтэс чухал үүрэгтэй болно гэдгийг анхааруулмаар байна.

Монгол улсын чөлөөт бүсийн тухай хууль: http://www.legalinfo.mn/law/details/10930

/Бага хурлын танхимын бүрэлдэхүүн/сэдэв: Туркийн хөрөнгийн зах зээл, Казахстаны 25 жилийн амжилт, Худалдааны танхим хэлэлцүүлэг, Тяньжиний худалдааны бүс, Бүс нутгийн логистик, Хонг Конгийн худалдаа хөгжлийн зөвлөл/

ЭЗ, Чөлөөт бүсийн тухай хууль | Л. Болор

Wednesday, April 13, 2016

Миний мэдэх 1990 оны Ардчилсан хувьсгал

"Ардчилсан хувьсгал" гэж нэрлэх улс төрийн бодлого бидэн хоёр 1990-ээд оноос хойш цуг байж. Миний бага нас, аав ээжийн минь эдэлж буй эрх чөлөө, амьдралын төлөө зүтгэх хүч, боломж, хүсэл мөрөөдлийн хаалгыг онгойлгож өгсөн нь 1990 оны Ардчилсан хувьсгал байсан билээ. 1991 онд аав ээж 2-тойгоо Орос явж байсныг санаж байна. Би 2 настай байсан. Миний анхны эрх чөлөө байсан ч юм уу? Өнөөдөр би Ардчилалтай найзлаад 26 жил болж; хүний газарт хүний хэлээр "ус-цас" ярина, гэхдээ би Монгол хэвээрээ. Өдөр, шөнийн ялгаагүй энэ зүрх минь Монголын төлөө цохилдог.

26-н жилийн дараа эргээд харахад, миний аав ээж, ах эгчийн хүсэж байсан Ардчилсан хувьсгал өнөөдөр үгүй байх шиг? Амьдрал нь доройтсондоо тэр үү, нийгмийн ядуурал, төрийн алба хашсан хүмүүс дэндүү баян болоод тэр үү, эсвэл, Монгол улсын хөгжил тэдний санаанд хүрсэнгүйдээ тэр үү? эсвэл төрийн гурван өндөрлөг эрх мэдлээ булаацалдан, ард иргэдийг хуваасанд гомдсон хэрэг үү? Олон зүйлийг би  өөрөөсөө асуух юм. Хариуцлага нь минийх биш ч, дүгнэлт нь надад байна. Миний эдэлж ирсэн эрх чөлөө, боломж, өнөөдөр намайг хүн болгосон цаг vеvvд үнэгүй ирээгүй гэдгийг би мэднэ. Намайг 1988 онд төрж байхад, бидний ирээдүйг бий болгосон Чингис Хаанаас эхэлснийг би мэднэ. Монгол улсын иргэн шүү гэж хил, хязгаар тогтоосон Цэдэнбалын түүхийг би мэднэ. Монгол улсын иргэн, Монгол улсын ирээдүй гэж тогтоосон эцэг эх, өвөг дээдсээ би мэднэ. Өнөөдөр 2016 он, дэлхий дахиний улс төр, хүмүүний мен чанар ихээр өөрчлөгдөж, заримдаа ч тэнгэр-газар, хүн-нохой мэт болох үед Монголын төлөө цохилох энэ сэтгэл хэвээрээ. Энэ мөн чанар биш юм бол өөр юуг мөн чанар гэх вэ? Би Монгол хэвээрээ гэдгийг би мэднэ.

Аав ээжийн минь хүссэн Ардчилал бий болсон гэж бодож байгаа, гэхдээ олон алдаа хийсэн  гэдгийг мэдэж байна. Ах, эгчийн минь үес, шилжилтийн үе гээд зовох нь зовж, амжилтад шургах нь шургаж. Харин миний үе, бидний энэ амьдарч байгаа үе хурдацтай өөрчлөгдөж, бид чирэгдэж байна. Чирэгдэж, хоцрогдож байгааг харж суухад энэ бие минь тайван биш байна. Яагаад гэвэл, бид 1990 онд хийсэн алдааг давтах эрхгүй иргэд, алдаанаас суралцах иргэд. Суралцаж чадаагүй алдааг давтвал Монгол улсын мөхлийн түүхэнд бичигдэх иргэд. Эрх чөлөөгөөрөө бид өнөөдрийн 21-ээр зууны иргэд болсон бол бид Монгол улсын ирээдүйг бий болгох үүрэгтэй бус уу? Ардчиллын эрхийг ашиглан, буруу зөвийг шүүх эрхтэй бус уу? Манай энэ үе, бидний энэ үе, Монгол улсыг зөв чиглэлд нь залах үе бус уу? Ардчиллын хүчээр бий болсон юм бол, сонгон тогтолцоог бий болгох хүчтэй бус уу? Яагаад гэвэл, бидний энэ үе, Монгол улсын Ардчиллын шилжилтийн үеийн Оргилоос Мөхөл хүрэх зааг юм.

Бичсэн зүйлс минь түмэн олонд хүрвэл Монгол Төрийн сүлд сэргэнэ. Хүрч чадахгүй бол энэ бие хүчээ авна. Хэлсэн үг бүхэн эрч хүч болон хуримтлагдаж байгаа гэдгийг бат хэлж чадна. Өнөөдөр та нар хийж чадахгүй бол, маргааш би өөрийн биерээр хийх болно. Монгол улс минь хөгжиж, цэцэглэх цагт, 60, 70, 80, 90-ээд он байтугай 21-ээр зууны хүмүүс бидний бий болгосон тогтолцоогоор аз жаргал хийх болно.

Би бол 1990 оны Ардчиллын хүүхэд, гэхдээ би сонгон Ардчилсан тогтолцоог Монголдоо хэрэгжүүлэх болно. Америкийн Ардчилсан тогтолцоонд сөгдөхгүй, Хятадын Коммунист намд мөргөхгүй, зөвхөн Монгол улс, Монгол нийгэмд нийцсэн сонгон, шилмэг тогтолцоог бий болгоно. Эв нэгдэж, улс хегжине.

Монгол улсын иргэн, Л. Болор |

Tuesday, April 12, 2016

Их гүрнүүдийн их амбиц

Зүүн Ази, номхон далай болон Хятадын Өмнөд тэнгист өрнөөд байгаа арлын сөргөлдөөнийг холбогдох улсуудын ашиг сонирхлоор нь ялгаж болно. Арлын маргаан нь бүс нутгийн аюулгүй байдал болон эдийн засгийн чухал хэсгүүд бөгөөд их гүрнүүдийн бодлогын тэмцлийн талбар болж байна. 
1. Орос-Японы Курил арлуудын  маргаан нь Японы хувьд амин арлууд юм. Учир нь, арлуудад зөвхөн эдийн засгийн ашиг сонирхол тусгахаас гадна, хүн амын шилжилт хөдөлгөөнтэй нягт уялдаатай билээ. Японы жижигхэн арлууд дээр өнөөдөр 126 сая хүн амьдардаг бол Оросоос Курилийн дөрвөн арлуудыг авснаар Япон улсын үндэсний аюулгүй байдлын томоохон асуудал шийдэгдэж байгаа юм. Оросын хувьд энэхүү арлууд нь аюулгүй байдал гэхээсээ илүү эдийн засгийн ач холбогдолтой билээ.

2. Хятад-Японы Сенкаку/ Диао Юү арлууд бол хоёр улсын тэнгисийн хилийг тогтоосон онцгой нутаг дэвсгэр юм. Зүүн Азийн аюулгүй байдлын хүрээнд, энэхүү арлын маргаан нь Хятад-Японы дипломат харилцаанд сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж хувираад тхагас жил болж байна. Японоос гадна, Тайвань бас арлын эзэмшлийг маргалдаж байгаа. Бүр цаашилбал, Окинава дахь АНУ-ын цэргийн бааз нь Сенкаку аралтай ойрхон бөгөөд Япон, Тайваний Хятадын эсрэг байгаа байр суурь АНУ-ын “Дахин тэнцвэржүүлэх” бодлогын хүрээнд давуу тал болж байна.  Бүс нутгийн аюулгүй байдлын хүрээнд, Хятад-Японы арлын сөргөлдөөнийг аль болоx тайван замаар шийдэх нь чухал болно. Гэвч, бодит байдал дээр хоёр талын байр суурь хөдөлшгүй шинжтэй байгаагаас үүдэн, зэвсэгт хүчний мөргөлдөөн гарах аюултай гэж судлаачид сэргэмжилж байна. 

3. Хятадын өмнөд тэнгисийн арлын маргаанууд улам ч ээдрээтэй. Учир нь, өнөөдрийн байдлаар БНХАУ-тай таван улс арлын маргаантай байна: Вьетнам, Малайз, Индонес, Филиппин ба Бурма. Маргааны гол учир нь Хятадын эдийн засгийн гадаад бодлогын томоохон хэсэг болох чөлөөт худалдааны эрх мэдэл, бүс нутгийн ЭЗ-ийн тэргүүлэгч байх амбицтай нягт уялдаатай юм.  Нөлөө талаас, АНУ-ын “Дахин тэнцвэржүүлэх” бодлого хийгээд холбоотон улсаар дамжуулсан арлуудын эрх мэдлийг булаацалдах чиг үүсээд байна. Эдгээр ээдрээтэй асуудлыг бүхлээр нь харвал, их гүрнүүдийн их амбиц жижиг улсыг чирэх аюултай мэт. Их гүрний амбицын дор жижиг улс хөгжих эсвэл мөхөхийн эрмэг дээр. Зүүн Ази, номхон далай болон Хятадын өмнөд тэнгис дахь арлын маргаанууд нь БНХАУ-ын гадаад бодлогын томоохон сорилт болж байгаа юм. АНУ ч бас өөрийн бодлогын хүрээнд холбоотныг ашиглан хүчээ авч байгаа нь бодит юм. 

Л. Болор

Эмхтгэсэн, эх сурвалж:

1. Япон-Орос Курил арлын маргаан: http://www.bbc.com/news/world-asia-pacific-11664434

2. Япон улсын хүн амын тоо: http://www.worldometers.info/world-population/japan-population/

3. Япон-Хятадын Сенкаку-Диао Юү арлын маргаан: http://www.scmp.com/topics/diaoyu-islands-0

4. Японы тэнгисийн цэргүүд:



Sunday, March 20, 2016

Япон-Филиппин

Зүүн Ази болон Хятадын өмнөд тэнгисийн аюулгүй байдлын хүрээнд Япон-Филиппин хоёр шинэ гэрээ хийлээ. Энэхүү гэрээ нь бүс нутгийн тэнгисийн аюулгүй байдалтай нягт уялдаатай бөгөөд, хоёр улсын хувьд хоёулаа БНХАУ-тай арлын маргаантай байгаагаас үүдэлтэй юм. Хоёр талын зэвсэгт хүчний салбар болон аюулгүй байдлын хэлттэсүүд гэрээг нууцын зэрэглэлтэйд үзэж байгаа юм. Зүүн Ази, Номхон далайд Хятад-Япон хоёр Сенкаку/Диао Юү арлын маргаантай байгаа бол Филиппин-Хятад хоёр Спратли арлууд (есөн жижиг арлаас бүрдсэн) болон арлын дээрх, доорх, тэнгис дахь баялгийг эзэмших гэж олон улсын арбитр дээр шүүхдэж байгаа билээ. 

Хятад-Япон-Филиппинээс гадна АНУ-ын Ази дахь зэвсэгт хүчний, аюулгүй байдлын бодлого ихээр нөлөөлж байгаа. АНУ-Японы аюулгүй байдлын хамтын ажиллагааны гэрээний зорилго нь бүс нутгийн аюулгүй байдлыг хангах чиглэлтэй бол АНУ-Филиппин хоёр ч мөн адил юм. Тэгэхээр, БНХАУ-тай бодлогоороо өрсөлдөх АНУ-ын бодлого Филиппин-Япон хоёрыг нэгтгэж Хятадын өмнөд тэнгист өөрийн болон холбоотны хүчийг бататгаж байгаа шинж юм. 

Зүүн Ази, Номхон далай, аюулгүй байдал | Л. Болор. 

Friday, March 11, 2016

Мэдээллийн Эрин

Бидний өдөр тутмын амьдрал хүссэн хүсээгүй мэдээллээр бөмбөгдүүлж байгаа билээ. Олон нийтийн мэдээлэл болон сошал ертөнцийн цар хүрээ өргөжихийн зэрэгцээ олон янз болж байна. Үүнтэй уялдуулан цаг хугацааг хэрхэн ашиглах гэдэг том асуудал гарч ирж байгаа юм. Хэдэн мянган хэвлэл мэдээлэл, фб, твиттер, линкедин, онлайн аппнаас чанарын ялгаа харагддаг бөгөөд чанарын ард төрийн, хувийн, тбб байгууллага, хувь хүн, төв байдаг гэдгийг хамгийн эхэнд анхаарах хэрэгтэй болов уу. Цаг хугацааг хэмнэхийн тулд зөв, баримттай мэдээллийг олох нь зүйтэй. Нуршсан, хов жив хөөсөн, судалгаа сурвалж муутай мэдээлэл таны цагийг үрхээс гадна, бодит байдлаас улам холдуулдаг.

Миний үзэж байгаагаар их ихэнх хүмүүс хүссэн зүйлээ уншдаг ч, уншсан зүйлээ хэн нэгний хов живээр ойлгодог. Энэ нь нэг талаас хэвлэл мэдээллийн олиггүй чанарыг тодотгох ч нөгөө талаас хувь хүний дүгнэлтийн асуудал гэж бодох юм. Дэлхий дахьний мэдээллийн эрх чөлөөний хүрээнд Хойд Солонгос, Хятад, ОХУ, Венесуэл, Куба болон зарим лалын шашний улсуудтай харьцуулбал, бидний интернэт, мэдээллийн сүлжээний эрх чөлөө хамаагүй өргөн. Чухам уншиж байгаа зүйлээсээ хов жив биш утга санаа, баримт, үр дүн хайвал чанартай мэдээлэл болж чадна. 


ЛБ.

Monday, February 29, 2016

China-Philippines International Arbitration

1. China-Philippines International Arbitration on the Spratly Islands dispute
2. Chinese FM Wang Yi on Islands dispute Feb, 26 2016 US Secretary John Kerry and Chinese FM Wang Yi
3. UN Convention on the Law of the Sea and UNCLOS+ANNEXES_AGREEMENTS

Энэтхэг-Ираны Геополитикийн Түншлэл

Дэлхийн хөгжиж буй улсууд эдийн засгийн хөгжлийн гарц болгоныг тун оновчтой ашиглахыг эрмэлзэж байна. Улс болгон өөрийн гэсэн эдийн засгийн бодлоготой бөгөөд үүн дээр геополитикийн давамгай тал нь хөгжлийн тулгуур болж байна. 2015 онд Ираны эдийн засаг, дипломат харилцааны хоригийг цуцалснаар, эдийн засгийн олон талт хамтын ажиллагааны бодлого эрчимжиж байгаа. Үүнтэй уялдуулан Иран улсын Шинэчлэгч Хассан Рохани, 2016 оны сонгуульд ялах магадлал өндөр байгаа. Энэхүү сонгууль нь Лалын Шиа урсгалтай Иран улсын хувьд, шашны хэт радикалуудаас ангижрах гэдэгт хамгийн чухал ач холбогдол өгөх нь зүйтэй.

Эдийн засгийн хориг буурснаар Иран улс олон улстай хоёр талын гэрээ хэлэлцээрийг өргөжүүлж байгаан нэг жишээ нь Энэтхэг улс юм.  Ираны Чабахар боомтыг ашиглах саналыг Энэтхэг санаачилсан билээ. Чабахар далайн боомт нь Оманы Персийн буланд байрлах учраас олон талт худалдааны гарцыг бий болгож байгаа юм. Жишээлбэл: Пакистаны баруун хойд эрэг, Арабын тэнгис дахь Оман улс, цаашилбал, Персийн булан хүрэх гарцууд ч бий. Далайн боомтыг ашиглахаас гадна, Чабахараас цааш 901 км төмөр зам барин Афганистаны Хажигак төмрийн хүдрийн уурхай хүрэх төслүүд давхар явагдаж байна. Эдгээр мега төслүүд нь Иран-Энэтхэгийн дипломат харилцааг бэхжүүлэхээс гадна, Энэтхэгийн Төв Азид хөл тавих геополитикийн бодлого юм.

| Л. Болор |





Sunday, February 21, 2016

Сэтгэлгээний хувьсгал

Сэтгэлгээний доройтол, гажуудал, харанхуйтал, зэврэлт, манан... нэрлэх үгс минь дуусаж байна. Энэ сэдэв хүнд боловч үнэн, үнэн боловч хязгаартай, хүн бүхэнд хамааралтай, нийгмийг бүрхэх манан мэт. Өдөр тутмын амьдрал биш юмаа, уншиж бичихийн утга учир, ойлгож, ухаарахын агуулга юмаа. Тэр тэгсэн, энэ ингэсэн бишээ, тоо баримт, бичиг, цаас, тангараг өгсний хариуцлага юмаа. Нэг өдрийн сенсац байхад, нэг насны нэр хүнд байдаг юмаа. Нэрээ алдсан гишүүн бишээ, тэрнээс суралцах ухамсар юмаа. Нийгмийн эзэд иргэд, Засгийн эзэд ч иргэд. Харин, сэтгэлгээний эзэд бол хувь хүн та өөрөө.
Урлаг, улс төргүй нийгэм гэж үгүй. Тэгвэл, сэтгэлгээний гажуудалгүй нийгэм бас үгүй. Гэтэл, тэр бас хязгаартай. Тэр хязгаарт нийгэм аль хэдийн хүрч. Хүрээд бараг даваад явлаа. Зарим нэг нь бүр түлхэж унагаалаа. Унаxасаа өмнө сэрээрэй. Хонх дуугаргах уу эсвэл? тэр нь сонгуулийн пиар биш юмаа. Харин, сэтгэлгээний эзэд бол хувь хүн та өөрөө. Намайг юу гээд бодчиx бол, хэлчиx бол гэсэн бодол бишээ, яг л наад хайрцгаасаа гараад ир. Цээжний бангаар ярих бишээ, хэлсэн үгэндээ эзэн болоорой.
Нийгэм ямар бүрхэг байнаа, нийслэлийн утаа бишээ, сэтгэлгээний утаа, манан. Сэтгэлгээний хувьсгалыг та бид өөрөөсөө эхлүүлнэ.
Л. Болор

Tuesday, February 2, 2016

Хязгаар


Миний хэлний хязгаар, миний ертөнцийн хязгаар гэж үг бий...



Tuesday, January 19, 2016

Үндэсний аюулгүй байдал гэж юу вэ?

                                

Улс төр судлалд хэдэн гол үзэл баримтлал байдаг. Үүний нэг нь үндэсний аюулгүй байдал (ҮАБ) юм. ҮАБ гэдэг концепт нь тухайн улсын түүх, тусгаар тогтнолыг баталгаажуулсан, цаашид баталгаажуулах, хуулиар хамгаалагдсан бодлого гэж ойлгож болно. ҮАБ-ын хүрээнд төрийн бүх салбар ажилладаг. ҮАБ-д халдсан үйл ажиллагааг төрийн эсрэг гэмт хэргээр ангилж, хууль хяналтын байгууллагууд хариуцлага тооцох хэлбэрээр арга хэмжээ авдаг. ҮАБ-ын чухал агуулгыг товч бөгөөд тодоор дөрвөн хэсэгт хуваая.
1. Эдийн засгийн аюулгүй байдал. Ямар нэгэн улсаас эдийн засгийн хараат бус байх тогтолцоог хуулийн бодлого/чиглэл болгон төрийн байгууллагууд ба хувийн хэвшилд хүргэдэг. Эдийн засгийн аюулгүй байдал нь улс орны богино болон удаан хугацааны хөгжлийн алтан түлхүүр юм. Хөрш улсуудын, бүс нутгийн болон олон улсын тавцанд өрсөлдөх чадавхыг бэхжүүлэх нь эдийн засгийн аюулгүй байдлын асуудал юм.
2. Геополитикийн аюулгүй байдал. Газар зүй дамжсан улс төрийн удаан хугацааны төлөвлөгөөт бодлогын чанартай. Геополитикийн аюулгүй байдлын харьяалалд газар нутаг дамжсан, хил залгаа, эсхүл бүс нутгийн эдийн засаг, хүн ам, эсхүл гадаад харилцааны хатуу, зөөлөн хүчээр тархдаг юм.
3. Төрийн нууц мэдээллийн аюулгүй байдал. Ямар ч улс оронд төрийн нууц гэж байдаг. Төрийн нууц мэдээллийг чанд хадгалах тогтолцоог хуулиар болон албан тушаалтны үүрэг хариуцлагат тусгагдсан байдаг. Үндэсний аюулгүй байдлын маш чухал хэсэг бол төрийн нууц байдаг. Энэ салбарт тагнуул, батлан, жанжин штаб, төрийн өндөр албан тушаалтнууд, технологийн салбарууд хамаарагдана.
4. Хүн амын аюулгүй байдал. Улс орны иргэд гэдэг нь тухай улсын хүн ам, цаашид тэр улсын өв залгамжлах хүмүүс юм. Хүн амын тоо өсөлт, бууралтаас болж үндэсний болон үндэстний аюулгүй байдлын асуудал хөндөгддөг.
ҮАБ-ын асуудал нь дотоод хэргээс гадна, гадаад хэргийн нөлөө ч хамааралтай. Гадны нөлөө гэдэг нь бусад орны улс төрийн, эдийн засгийн, цэрэг зэвсэгт хүчний, технологийн давамгай чанар/бодлого/чиглэл юм. Дэлхийн энх тайван, аюулгүй байдлын улмаас улс орны ҮАБ-ын бодлого шинэчлэгдэх/хуулийг хатуу болгох/илүү өргөн хүрээтэй болдог.
Цаг хугацаагаа дагаад улс орны ҮАБ-ын консепт ч өөрчлөгдөж байна. Технологийн салбар хүчтэй болж төрийн болон хувийн нууц мэдээллийг хулгайлах, гуравдагч итгээтэд тараах, зарах г.м. ноцтой гэмт хэргүүд гарч байна. Монгол жижиг орны хувьд ҮАБ нь бидний тусгаар тогтнолтой шууд уялдаатай гэдгийг тодруулмаар байна. Эдийн засгийн хараат бус байдал, хил гаалийн хяналтыг бэхжүүлэх, батлан хамгаалах салбар идэвхжих, төрийн байгууллагууд дотоодын энхийг барих, төрийн нууц баримтыг чанд хадгалах шинэ технологи хэрэгсэл г.м. олон асуудал байгаа юм. Дашримд, Монгол улсын хуульд ҮАБ-тай холбоотой Төрийн эсрэг гэмт хэрэг гэсэн эрүүгийн тусгай анги байдаг. Энэ хуулийг иргэн бүр мэдэж байх нь зүйтэй гэж үзэж байна. /АРВАН ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ЭСРЭГ ГЭМТ ХЭРЭГ 79-90 http://www.legalinfo.mn/law/details/50?lawid=50%

ҮАБ нүсэр сэдэв учраас чухал зүйлүүдийг шилж оруулав. 
Л. Болор